Нэг. Ерөнхий зүйл
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-ын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаа, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлалтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Оюутан элсүүлэх үйл ажиллагаа “Боловсролын ерөнхий хууль”, “Дээд боловсролын тухай” хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.
1.3.Оюутан элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, мэдээлэл, зар сурталчилгаа үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байх зарчмыг баримтална.
1.4.Оюутан элсүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж болно. Цахим элсэлтэд техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай дэд бүтцийг бүрэн бүрдүүлсэн байна.
1.5.Элсэлтийн шалгалтын хичээл, ур чадварын шалгалт, үндэсний босго оноог мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/ тус бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага
2.1.Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.
2.2.Тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо, сургуулиас тавьсан бусад шалгуур, шаардлагыг хангасан байна.
2.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн шалгалтын дүнг илэрхийлсэн батламжтай байна.
2.4.Дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах тохиолдолд элсэлтийн шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд:
2.4.1.Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн;
2.4.2.Дээд боловсролын тухай хуулийн 18.2 -д заасан сургуулийн төгсөгч;
2.4.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
2.4.4.Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
2.4.5.Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
2.4.6.Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
2.4.7.Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч.
2.5.Элсэгч сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.
2.6.Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж болно.
Гурав.Элсэлтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх үүрэг
3.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын эрх, үүрэг:
3.1.1.Элсэлтийн шалгалтыг батлагдсан журмын дагуу жилд хоёр удаа үндэсний хэмжээнд зохион байгуулна.
3.1.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсний дагуу элсэлтийн шалгалтын бүртгэл, хураамж, шалгалтын тов болон хуваарийг тогтооно.
3.1.3.Элсэлтийн шалгалтад ялгаатай хэрэгцээт шалгуулагч хамрагдахад шаардагдах шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг хариуцан зохион байгуулна.
3.1.4.Гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/-ын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлж батламж олгоно.
3.1.5.Элсэлтийн шалгалтын бүтэц, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор элсэгчдэд зориулсан элсэлтийн шалгалтын жишиг материал, тестүүдийг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсанд байршуулан, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
3.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг:
3.2.1.Сургуулийн оюутан элсүүлэх журмыг энэ журамд нийцүүлэн сургуулийн гүйцэтгэх удирдлага батлах бөгөөд дараах шаардлагыг заавал тусгасан байна. Үүнд:
3.2.1.1.Бүртгүүлэгчид тавих нийтлэг болон тусгай шаардлага;
3.2.1.2.Оюутан элсүүлэх хөтөлбөр, тэдгээрт харгалзах элсэлтийн шалгалтын сургуулийн тогтоосон босго оноо;
3.2.1.3.Ур чадварын шалгалт авах бол шалгалтын агуулга, хэлбэр, бүтэц, хугацаа, байршил, дүгнэх аргачлал;
3.2.1.4.Оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.5.Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.6. дээд боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлэх болон мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшүүлэн суралцах болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.7.Гадаад оюутан элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.8.Элсэлт болон ур чадварын шалгалт зохион байгуулах комисс, түүний эрх, үүрэг
3.2.1.9.Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэлт;
3.2.2.Оюутан элсүүлэх үйл ажиллагааг сургууль бие даан зохион байгуулна.
3.2.2.1.Энэхүү журмын 2-т заасан шаардлага, болзлыг хангасан бүртгүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч, элсүүлнэ.
3.2.2.2.Бүртгүүлэгчийн оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ дэх дүн, авьяас чадвартайг илэрхийлэх нотлох баримтууд, эсээ, ярилцлага зэрэг нэмэлт шалгуур тавьж болно.
3.2.2.3.Энэхүү журмын 2.4.6-д заасан бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ /суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэх гэх мэт агуулгыг тусгасан байна./ зэргийг үндэслэн элсүүлнэ.
3.2.3.Ур чадварын шалгалт авах мэргэжил /хөтөлбөр/-ийн жагсаалтад багтсан сургалтын хөтөлбөрүүдээр ур чадварын шалгалтыг сургууль зохион байгуулна.
3.2.4.Ур чадварын шалгалтыг элсэн суралцах хөтөлбөрийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, сэтгэц, зан үйлийн байдал, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.
3.2.5.Ур чадварын шалгалтын удирдамжийг тухайн сургуулийн элсэлтийн журамд оруулан баталгаажуулсан байна.
3.2.6.Ур чадварын шалгалтын удирдамжид дараах зүйлсийг заавал оруулсан байна. Үүнд:
– Шалгуулагчийн бэлдэж ирэх зүйлс
– Гүйцэтгэх даалгаврын төрөл, хэлбэр
– Үнэлгээний шалгуур, үзүүлэлт
– Шалгалтыг зохион байгуулалт, байршил, хугацаа.
3.2.7.Сургууль шалгуулагч бүрийн ур чадварын анхны оноо буюу гүйцэтгэлийн хувийг хөтөлбөр бүрээр 100 онооноос тооцоолж гаргана.
3.2.8.Ур чадварын шалгалтын гүйцэтгэлийн хувь буюу анхны онооноос хэмжээст оноо (хэмжээст оноо нь 200-аас 800-ийн хооронд байна)-г хөтөлбөр бүрээр энэхүү журмын 3.2.9-д заасан аргачлалаар тооцно. Анхны онооны интервалд харгалзах хэмжээст оноог хүснэгтээр харуулав.
3.2.9.Анхны оноог A, хэмжээст оноог X гэж тэмдэглээд дараах байдлаар хэмжээст оноо (X)-г тооцоолно. Үүнд:
– Хэрэв шалгуулагчийн анхны оноо 0-ээс 59-ийн хооронд бол X=200+A*4.66
– Хэрэв шалгуулагчийн анхны оноо 60-аас 100-ын хооронд бол X=480+(A-60)*8 гэсэн томьёогоор олно.
3.2.10.Ур чадварын шалгалтад 60 (хэмжээст оноогоор 480) болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн ур чадварын шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
3.2.11.Шалгуулагчийн ур чадварын шалгалтын оноо тухайн шалгалтыг өгсөн сургууль, хөтөлбөрийн хувьд хүчинтэй байна.
3.2.12.Зарим хөтөлбөрөөр элсэлт авах онооны босгыг элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго онооноос дээш байхаар тогтоож болно.
3.2.13.Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн индекс, суралцах хугацаа, хэлбэр, нийт судлах багц цаг, хяналтын тоо, элсэлтийн шалгалтын хичээлийн босго оноо, сургуулийн шалгуур шаардлага, ур чадварын шалгалтын босго оноо зэрэг мэдээллийг сургуулийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод мэдээлсэн байна.
3.2.14.Сургууль сургалтын хэлбэр, хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулан аймаг, нийслэлээс оюутан элсүүлэх ажлыг цахимаар болон тухайн байршил дээр элсэлтийн шалгалт дууссан өдрөөс хойш зохион байгуулна.
3.2.15.Сургууль тухайн мэргэжил /хөтөлбөр/-ээр суралцахад тавигдах элсэлтийн шалгалтын онооны шаардлага хангасан, Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг элсүүлнэ.
3.2.16.Өвлийн буюу 2 дахь удаагийн элсэлтийг энэхүү журмын 4.2-т баталсан элсэлтийн хяналтын тоог хөтөлбөр бүрээр гүйцээх байдлаар зохион байгуулна. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр өвлийн элсэлт зохион байгуулах бол хаврын элсэлтийн тоотой нэгтгэсэн байдлаар баталсан аргачлалын дагуу тооцож нэмэлт хяналтын тоог тогтооно.
3.3.Сургуульд гадаадын иргэдийг сургахад дараах арга хэмжээг авна. Үүнд:
3.3.1.Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдээс авсан монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт, эсвэл англи хэлний олон улсын шалгалтын оноог харгалзан элсүүлэн суралцуулна. Тухайн сургууль элсэлтийн журамдаа гадаадын иргэнд тавих хэлний шаардлагыг тодорхой тусгана.
3.3.2.Энэ журмын 3.3.1-д заасан шалгалтын даалгавар “Монгол хэлний тухай” хуулийн 22 дугаар зүйлд заасан байгууллагаас боловсруулсан гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулгын хүрээнд боловсруулсан байна.
3.3.3.Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.
3.3.4.Тухайн улсын элсэлтийн шалгалттай дүйцэх шалгалтын оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан байна.
3.3.5.Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн гадаад оюутны Монгол Улсад оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргахдаа монгол хэлний шалгалтын дүнг хавсаргасан байна.
3.3.6.Гадаад хэлээр сургалт явуулдаг хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд тухайн гадаад хэлний шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ.
3.4.Сургууль элсэлтийн комисс болон ур чадварын шалгалтын комиссыг захирлын тушаалаар байгуулна. Элсэлтийн комисс оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргаан, бүртгүүлэгч болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал, гомдлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавих, элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна.
Дөрөв.Элсэлтийн хяналтын тоо тогтоох
4.1.Сургууль бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоо тогтоохдоо тус тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал”-ыг (цаашид “Аргачлал” гэнэ) баримтална.
4.2.Сургуулийн удирдах зөвлөлөөс хөтөлбөр бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоог аргачлалын дагуу тогтоож жил бүрийн 5 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3.Сургуулиас ирүүлсэн оюутан элсүүлэх хяналтын тоог аргачлалын дагуу тогтоосон эсэхийг хянаж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд оруулна.
4.4.Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн өмчийн их сургуулийн орон нутгийн салбар, харьяа сургуульд зарим хөтөлбөрийн хяналтын тоог зөвхөн тухайн орон нутагт тогтоон элсүүлж, хамтарсан хөтөлбөр байдлаар зохион байгуулж болно.
4.5.Цэрэг, цагдаа (аюулгүй байдлын чиглэл)-гийн сургуульд элсэгчийн хяналтын тоог захиалагч байгууллагын саналыг харгалзан тухайн сургууль тогтооно.
Тав. Бусад
5.1.Ахисан түвшний хөтөлбөрт элсэгчийн өмнөх боловсролын зэрэг цахим системд баталгаажуулсан байна. Элсэгчид тавигдах бусад шаардлагыг холбогдох журмаар зохицуулна.
5.2.Удирдах зөвлөлөөс баталсан оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлэхийг хориглоно.
5.3.Сургууль сургалт эрхлэх зөвшөөрөл аваагүй мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авсан, элсүүлэх мэргэжил /хөтөлбөр/-ийн нэрийг өөрчлөн зарласан, эсхүл тухайн мэргэжил /хөтөлбөр/-ийн элсэлтийн шалгалтын хичээл, босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.
5.4.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзол ханган элссэн суралцагч эхний 2 хичээлийн жилд 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тухайн мэргэжил /хөтөлбөр/-ээр нийслэлд байршилтай сургуульд шилжин суралцаж болно.
Тайлбар: Энэ журмын 5.4 дахь заалт сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шилжилт хөдөлгөөнд хамаарахгүй болно.
ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэрэл коллеж /цаашид ЭК-гэнэ/-ийн бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2024 оны 03-р сарын 20-ны А/143 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсролын Сайдын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/228 тоот тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
ЭК-д элсэгчдийн хяналтын тоог Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2024 оны 03-р сарын 20-ны А/143 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал”-ын дагуу тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан мөрдөнө.
Элсэлтийн журам, тус сургуульд элсэх Босго оноо, Ур чадварын шалгалт болон элсэлт авах мэргэжлийн хөтөлбөр, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой бусад мэдээллийг ЭК-ийн www.enerel.edu.mn веб хуудсанд байрлуулна.
Хоёр. Элсэлтийн комисс
ЭК-ийн Элсэлтийн комиссыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, ажил үүргийн хуваарийг хавсралтаар баталж ажиллана.
ЭК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар шаардлагатай хөтөлбөр бүрээр Ур чадварын шалгалтын комиссыг томилно. Ур чадварын шалгалтыг Комисс нь батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулна.
Элсэлтийн комисс нь Улаанбаатар хотын Чингэлтэй Дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн сургуулийн байранд болон хөдөө орон нутагт итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан элсэгчдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, элсүүлэх ажлыг зохион байгуулна.
Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах болон өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн үйл явцад хяналт тавих зэрэг элсэлттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна. Үүнд:
Элсэлтийн комиссын дарга элсэлтийг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангана.
Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга элсэлттэй холбогдолтой бүх материалыг хянаж хүлээж авна.
ЭК нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу өөрийн байгууллагын материаллаг бааз, тусгай зөвшөөрөлд заагдсан хөтөлбөрийн дагуу оюутан элсүүлнэ.
Элсэлтийн комисс нь тухайн жилийн хяналтын тоо үлдсэн тохиолдолд бүртгэлийн хугацааг сунган цахимаар нэмэлт элсэлт зохион байгуулна.
Гурав. Элсэгчдэд тавигдах шаардлага
ЭК-д элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байна.
Элсэгчид нь 3.4-т заасны дагуу тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хичээлээр тухайн онд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, босго оноог хангасан байна.
Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн шалгалтын дүнг илэрхийлсэн батламжтай байна.
ЭК-д дараах тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо харгалзахгүй буюу шалгалтгүйгээр элсүүлнэ. Үүнд:
Бакалаврын болон дэд бакалаврын боловсролтой иргэн,
Тухайн мэргэжлийн чиглэлээр Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид,
Тухайн хөтөлбөрийн чиглэлээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн,
Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн,
Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн,
Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн.
Дөрөв. Элсэлтийн бүртгэл
Улсын хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулах ба бүртгүүлэхийг хүсэгчид тухайн оны 06-р сарын 06-ны өдрөөс тухайн оны 09-р сарын 15-ны өдрүүдэд http//enerel.edu.mn/elseltanket.docx хаягаас анкет татан авч info@enerel.edu.mn хаяг руу илгээн бүртгүүлэх эсвэл http://www.enerel.edu.mn/dpk хаягаар цахимаар бүртгүүлж болно.
Элсэгч нь шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулж баталгаажуулах ба мэдээллийн алдаатай, буруу оруулсныг өөрөө хариуцна.
Элсэлтийн комисс нь тухайн оны 06-р сарын 06-наас, 09-р сарын 15 -ны хооронд элссэн элсэгчдийн жагсаалтыг гаргаж мэдээллийг сургууль дээр болон сургуулийн веб сайт http//enerel.edu.mn/ дээр танилцуулна.
ЭК-д энэхүү журамд заасан нөхцөлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд 2025 оны 09-р сарын 15-аас 10-р сарын 30-ны өдрүүдэд нэмэлт элсэлтийг зохион байгуулна.
Бүртгүүлэгч нь элсэлтийн хураамжийг нэг удаа төлөөд хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 30,000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийн ЭЕШ-ын онооны болзол болон энэхүү журамд заасан бусад нөхцөлийг хангасан элсэгчдэд ЭК-д суралцах эрхийн бичиг томилолт олгоно.
Тав. Хөнгөлөлттэй нөхцөл, тэтгэлэг
Хими, биологийн улс, аймгийн олимпиадад I-IV байр эзэлсэн, олон улсын олимпиадад шагналт байранд шалгарсан сурагчийг элсүүлэх ба нэг удаа 30 хүртэл хувийн төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.
Анагаах ухааны их, дээд сургуульд хүний их эмч мэргэжлээр төгссөн , мэргэжил дээшлүүлсэн магистрт суралцсан, нарийн мэргэжил эзэмшсэн элсэгчийг Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрт сургалтын багц цаг дүйцүүлэн элсүүлнэ.
Анагаахын бусад мэргэжлээр бакалавр зэрэгтэй болон дипломын зэрэгтэй мэргэжилтэн ЭК-ийн тусгай зөвшөөрөлд дурдагдсан мэргэжлүүдээр багц цаг дүйцүүлэн элсүүлнэ.
Анагаахын бус их, дээд сургууль, коллеж төгссөн бакалаврын болон дипломын зэрэгтэй мэргэжилтэн ЭК-ийн тусгай зөвшөөрөлд дурдагдсан мэргэжлүүдээр багц цаг дүйцүүлэн элсүүлнэ.
ЭК-д суралцагчид нь дараах тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдана. Үүнд:
Төрөөс олгогдож буй тэтгэлэг:
Сувилахуйн дэд бакалаврын хөтөлбөрөөр элсэгчдэд:
Голч оноо 3.0 ба түүнээс дээш тохиолдолд -100%
Голч оноо 2.8-3.0 байгаа тохиолдолд-70%
Оюутны хөгжлийн зээл:
Сургалтын зээл / ажлын байранд гараад төлнө/
Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж:
Бүтэн өнчин
Хагас өнчин
Эцэг эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй
Элссэн суралцагч хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тохиолдолд бүрэн хамрагдана.
Суралцах хугацаанд нь сургуулиас олгох урамшуулал :
ОУ-ын тэмцээн уралдаанд 1-р байр эзэлсэн тохиолдолд 1 жилийн сургалтын төлбөрийг – 50%
4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал сургалтын төлбөрийг -10%
6-8 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал сургалтын төлбөрийг -15%
Шилдэг оюутанд үүсгэн байгуулагчийн тэтгэлэг олгоно.
1 гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурдаг бол эхний хүүхдийн сургалтын төлбөрийг нэг удаа- 25%
Ихэр хүүхдүүд суралцвал сургалтын төлбөрийг нэг удаа-25%
Төлбөрийн чадвар багатай өрхийн суралцагчийн төлбөрийг 2-р дамжаанаас эхлэн гэр бүлийн орлогынх нт бүрдэх боломжийг харгалзан тусгай гэрээгээр жилд 3-4 удаа хуваан төлөх боломж олгоно.
Зургаа. Элсэгчдийн бүртгэл баталгаажуулалт:
Шалгалтын дүнгээр болзол хангасан элсэгч тухайн оны 08-р сарын 15-25 -ны хооронд сургууль дээр биеэр ирж бүртгүүлэн суралцах гэрээ байгуулан ДБУМС-д бүртгүүлж баталгаажуулна.
Элсэгчдийн бичиг баримт нь зөрчилгүй байх шаардлагатай
Элсэгчид бүртгэлээ баталгаажуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ түүнтэй адилтгах бичиг баримт эх хувиараа мөн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сурагчийн хувийн хэрэг
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
Иргэний үнэмлэхний хуулбар болон И-Монголиагаас тодорхойлолт
3*4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
Сургалтын төлбөр төлсөн баримт
Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар
Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл / ЭК-ийн өргөдлийн маягт/
Элсэгч нь ЭК-ийн суралцагчидтай хийх сургалтын гэрээг байгуулж, тухайн оны хичээлийн жилийн сургалтын 1 багц цагийн үнэлгээ буюу 130000 төгрөгтэй тэнцэхүйц төлбөрийг сургуулийн ХААН БАНК-5032551068 дансанд хийсэн тохиолдолд суралцах эрх баталгаажна.
Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулаагүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэн орон тоонд нөхөж элсэлт авна.
Долоо. Оюутан элсүүлэхтэй холбогдсон хүсэлтийг хүлээн авч маргаан шийдвэрлэх
Элсэлтийн явцад энэ журмыг зөрчсөн асуудал гарвал элсэгч нь өөрийн санал бодлыг Элсэлтийн комисст тавина.
Элсэлтийн комисс нь тухай элсэгчийн санал гомдлыг хүлээн авч маргааныг элсэлтийн журам түүнтэй адилтгах эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ.
ЭЕШ -тай холбоотой маргааныг Элсэлтийн комисс хариуцахгүй болно.
Шилжих, чөлөө авах асуудлыг гэрээнд зааснаар Элсэлтийн комисс шийднэ.
Найм. Бусад
8.1. Цахим бүртгэл явагдаж байхад бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг сургуулийн байранд биечлэн болон info@enerel.edu.mn facebook, утас ашиглан явуулна. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг www.enerel.edu.mn сайтаас авах боломжтой.
8.2. Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол ЭК-ийн дотоод журмын холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээнэ.
8.3. Элсэгч нь элссэн хуваарь хүчингүй болгосон тохиолдолд сургалтын төлбөрийн 20%- ийг төлж бичиг баримтаа буцаан авна.
ЭНЭРЭЛ КОЛЛЕЖИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИСС
Шинээр элссэн суралцагчид сургалтын үйлчилгээний шаардлагын хүрээнд мэргэжлийн зориулалт тодорхойлолт, эзэмших мэргэжил ур чадвар, дадал, судлах хичээлийн жагсаалт тэдгээрийн багц цаг, хичээлийн залгамж холбоо зэргийг тусгасан мэдээллээр хангаж ажиллана.
Нэг. Суралцагчид нь дараах хэлбэрүүдээр суралцана. Үүнд
Сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн хичээлийн хуваарийн цахим болон танхимын сургалт
Ур чадвар дадлагын танхимын сургалт
Семинарын цахим болон танхимын сургалт
Үйлдвэрлэлийн дадлага
Бие даан суралцах
Орон нутгийн цахим болон танхимын сургалт Хоёр. Суралцагчдын мэдлэг чадвар хандлагыг үнэлэх журмаар суралцагчдыг үнэлэх ба дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:
Хичээлийн ирц 10 оноо
Бие даалт 20 оноо
Явцын үнэлгээ 40 оноо
Улирлын шалгалт 30 оноо
Төгсөлтийн төлөвлөгдсөн зорилготой эмнэл зүйн улсын 6 өртөө шалгалт зэрэг болно
Гурав. Суралцагчдын сургалтыг дэмжих үйлчилгээнд. Үүнд:
Оюутны алба
Чийрэгжүүлэлтийн өрөө
Мэргэжлийн хөтөлбөрийн ур чадварын танхим
Лаборатори кабинетууд
Сургалтын материаллаг бааз
Багаж, тоног төхөөрөмж, муляж, туслах хэрэгсэл
Ном, сурах бичиг гарын авлага хэрэглэгдэхүүн
Техник хэрэгсэл, цахим орчин үзүүлнэ Дөрөв. Суралцагчдын нийтийн үйлчилгээ.
Номын сан
Нээлттэй номын сан
Уншлагын заал
Интернэт орчин
Спорт заал
Оюутны амрах бие даан ажиллах хэсэг
Дугуйлан клуб
Цайны газар
Оюутны дотуур байр
Жижиглэн худалдаа
Харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлнэ
Тав. Энэрэл дээд сургуулийн элсэгчид нь элсэлтийн журам, сургалтын журамтай танилцаж
Сургалтын гэрээ хийх
Сургалтын төлбөр хийх
Оюутны код авах
Оюутны үнэмлэх авснаар ЭДС-ийн оюутан суралцагч болно.
СУРГАЛТЫН БАГЦ ЦАГ ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОЖ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн А/216 тушаал “Дээд боловсролын сургалтын багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам”-ыг үндэслэнэ.
1.2 Суралцагчийн өмнө нь амжилттай судалсан, тодорхой түвшний суралцахуйн үр дүнг эзэмшсэн хичээл, түүнтэй адилтгах сургалт, ( цаашид “хичээл” гэнэ ), түүний үнэлгээг ЭК-д хэрэгжиж буй хичээлийн агуулга, багц цаг, үнэлгээтэй дүйцүүлэн тооцоход холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмыг ( цаашид “журам гэнэ”) мөрдөнө.
1.3 Суралцагчдын өмнө нь судалсан мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.
1.4 ЭК-ийн боловсролын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах, өмнө нь (дэд бакалавр болон бакалавр, магистр, докторын) боловсрол эзэмшсэн төгсөгч эсвэл дотоодын их, дээд сургууль, коллежийн хэд хэдэн хөтөлбөрөөр зэрэгцэн суралцах, сургуулиас чөлөөлөгдсөн оюутан ЭК-д эргэн суралцахад ЭК-ийн хөтөлбөрийн онцлогоос хамааран хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү журмыг баримтлана.
1.5 Суралцагч гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах, эсвэл гадаадын их, дээд сургууль, коллежоос ЭК-д элсэн суралцах үед дүнгийн системийг хөрвүүлэх, ЭК-ийн багц цаг болон тухайн сургуулийн багц цагийг тодорхойлоход энэхүү журамд тусгагдсан үнэлгээ болон багц цагийн хөрвүүлэлтийн аргачлалыг ашиглана.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1 Хичээл дүйцүүлэлт: Нэг сургалтын байгууллагад судалсан хичээлийн суралцахуйн үр дүн, багц цаг, үнэлгээг нөгөө сургуулийн харгалзах хичээлийн суралцахуйн үр дүн, багц цагийн агууламж, стандарт болон үнэлгээний системээс хамааруулан дүйцүүлэн тооцох үйл ажиллагааг хэлнэ.
2.2 Багц цаг хөрвүүлэх: Нэг сургалтын байгууллагад судалсан хичээлд ноогдуулсан багц цагийг ачааллаас хамааруулан нөгөөд сургалтын ачааллаас хамааруулан хөрвүүлэн тооцох үйл ажиллагааг хэлнэ.
2.3 Дүн дүйцүүлэх: Нэг сургалтын байгууллагад суралцаж үнэлэгдсэн хичээлийн дүнг ЭДС-ийн үнэлгээний системээс хамааруулан дүйцүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
2.4 Агуулгаар дүйцүүлэх: Анагаахын боловсролыг амжилттай эзэмшсэн төгсөгчдийн суралцахуйн үр дүнгийн хичээлийн босоо болон хэвтээ залгамж холбоог агуулгаар дүйцүүлэхийг хэлнэ.
2.5 Шууд дүйцүүлэх: БШУ-ы сайдын 2024 оны 4 сарын 20-ны А/147 тушаалын 2.5.1.17,18 заалтыг үндэслэн заавал судлах, нийгмийн ба байгалийн ухаан, иргэний боловсрол, англи хэл, биеийн тамир, эрүүл ахуйн хичээлүүдийг шууд дүйцүүлэхийг хэлнэ.
Гурав. Хичээл дүйцүүлэхэд баримтлах ерөнхий шаардлага
3.1 Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь өмнөх боловсролын диплом, дүнгийн тодорхойлолт болон архивын лавлагаан дээр тулгуурласан суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараахь шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:
3.1.1 Агуулга болон суралцахуйн үр дүнгийн 80 хувийн давхцалтай, цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахгүй, дүйцүүлсэн хичээлийн голч дүн 2.5 түүнээс дээш байна.
3.1.2 Дүйцүүлэх хичээл нь ЭК-ийн дүйцүүлэх хичээлийн багц цагаас 1-ээс илүүгүй зөрүүтэй байна.
3.1.3 Анагаахын боловсрол эзэмшсэн суралцахуйн үр дүнгийн “тооцов” үнэлгээг тоон 70, үсгэн С, чанарын 1.7 үнэлгээнд дүйцүүлэн тооцох ба бусад их, дээд сургууль, коллежийн төгсөгчдийн суралцахуйн үр дүнгийн “тооцов” үнэлгээг дүйцүүлэн тооцохгүй.
3.1.4 ЭК-ийн мэргэжлийн хөтөлбөрийн нэгж хичээлийн өмнөх залгамж холбооны хичээлүүдийг дүйцүүлэх боломжгүй тохиолдолд уг хичээлийг дүйцүүлэхгүй
3.1.5 Төгссөнөөс хойш 10 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол тухайн хөтөлбөрийн хичээлүүдийг дүйцүүлэхгүй.
3.1.5 Ижил түвшний мэргэжлийн хөтөлбөрөөс шилжин ирж суралцах тохиолдолд суралцахуйн үр дүнгийн багц цаг, үнэлгээг харгалзах хөтөлбөрт шууд дүйцүүлнэ
3.1.6 ЭК-ийн дэд бакалаврын болон бакалаврын түвшний хөтөлбөрт суралцах анагаахын боловсрол эзэмшсэн дипломын суралцахуйн үр дүнгийн ерөнхий суурийн, мэргэжлийн суурийн, мэргэшүүлэх зарим багц цагийн хичээлүүдээс дүйцүүлж болно.
3.1.7 ЭК-ийн дэд бакалаврын болон бакалаврын түвшний хөтөлбөрт суралцах бусад их, дээд сургууль, коллеж төгсөгчид нь суралцахуйн үр дүнгийн ерөнхий суурийн багц цагийг дүйцүүлж болно.
3.1.8 Дэлхийн шилдэг 1000-д эрэмбэлэгдсэн их сургуульд судалсан журмын 3.1-д тусгасан шаардлагыг хангаж буй хичээлийг дүйцүүлэхдээ журмын 3.5-т тусгагдсан багцын хязгаарлалтыг мөрдөхгүй байж болох бөгөөд бакалаврын хөтөлбөрт 60 хүртлэх, дэд бакалаврын хөтөлбөрт 50 хүртлэх багц цагийн хичээлийг дүйцүүлж тооцож болно.
3.2 Хөтөлбөр хооронд шилжин суралцах
3.2.1 Бусад их, дээд сургууль коллежоос шилжин ирсэн суралцагчдын хувьчилсан оноо 70, чанарын голч оноо 1,7, үсгэн үнэлгээ С үнэлгээнээс доош байвал дүйцүүлэлтийг тооцохгүй.
3.2.2 ЭК-ийн мэргэжлийн хөтөлбөр хооронд шилжих болон суралцах хэлбэрээ солих / өдөр, орой/ тохиолдолд нэгж хөтөлбөрийн хичээлийн индекс, багц цаг, хичээлийн нэр ижил байвал шууд дүйцүүлнэ.
3.2.3 Бусад их дээд сургууль, коллежоос шилжин суралцагчид нь тухайн мэргэжлийн хөтөлбөрийн хичээлийн онцлог, агуулгын багтаамжаас шалтгаалан
3.1.1, 3.1.4 дэх үндсэн шаардлагын хүрээнд дүйцүүлэлтийг хийнэ.
3.4 Дараагийн түвшний сургалтанд элсэн суралцах
3.4.1 Дээд боловсролын дэд бакалаврын дипломын төгсөгч нь ЭК-д үргэлжлүүлэн суралцах тохиолдолд энэхүү журмын 3.1.6, 3.1.7 үндсэн шаардлагуудыг баримтлана.
3.4.2 Дээд боловсролын бакалаврын дипломын зэрэгтэй төгсөгч нь ЭК-ийн өөр мэргэжлийн хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд энэхүү журмын 3.1-ийн үндсэн шаардлагын хүрээнд дүйцүүлнэ.
3.5 Ижил түвшинд шинээр элсэн суралцах
3.5.1 ЭК-ийн төгсөгч нь ижил түвшний өөр хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд өмнөх хичээлийн багц цагийн дүйцүүлэлтийг журмын 3.1.6 шаардлагаар дүйцүүлнэ.
3.5.2 Бусад их, дээд сургууль, коллежийн төгсөгчид нь ЭК-ийн ижил түвшний өөр мэргэжлийн хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд журмын 3.1.7 шаардлагын хүрээнд дүйцүүлнэ.
3.6 Эргэн суралцах
3.6.1 Өмнө нь ЭК-д суралцаж байсан /Захирлын тушаалаар чөлөөлөгдсөн/ суралцагч нь чөлөөлөх тушаал гарсанаас хойш 3 жилийн дотор элсэлтийн журмын дагуу эргэн суралцах тохиолдолд ижил хөтөлбөрийн ижил хичээлийн нэр, индекс, багц цагийг шууд дүйцүүлнэ.
3.6.2 ЭК-д эргэн суралцагч нь хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээн дэх хичээлийн агуулгаар дахин шалгалт өгч багц цагийг дүйцүүлж болно.
3.6.3 Анагаахын бус мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургууль коллежийн суралцагчид нь ЭК-ийн суралцагч элсүүлэх журмын дагуу суралцах тохиолдолд БШУ-ы Сайдын 2024 оны 03 сарын 20 өдрийн А/147 тоот тушаалын ерөнхий суурь хичээлүүдийн бүрдэл /2.5.17,18 заалт/-ийг агуулгаар дүйцүүлнэ.
3.6.4 ЭК-ийн суралцагчид нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хугацаагаар сургалтын үйл ажиллагаа завсардсан тохиолдолд суралцсан хугацааны дүнг хүчингүйд тооцож, багц цаг дүйцүүлэлтийг тооцохгүй.
Дөрөв. Багц цаг шилжүүлэн тооцох аргачлал
4.1 ЭК-той багц цагийн тодорхойлолт нь ижлээр тодорхойлогдсон багц цагийг тэр хэвээр нь ашиглах ба багц цагийг ЭК-оос өөрөөр тодорхойлсон гадаадын их, дээд сургууль коллежид судалсан хичээлийг ЭК-д тооцохдоо тухайн сургуулийн сургалтын цагийн албан ёсны тайлбар шаардана. Энэ тохиолдолд тухайн багц цагийн тодорхойлолт дахь суралцагчын ачааллыг ЭК-ийн багц цагийн харгалзах үзүүлэлтэнд шилжүүлэн тооцно.
4.2 Журмын 3.1.2-т тусгасан нөхцөлөөс бусдаар ЭК-д дүйцэх хичээлийн багц цагт хүрэхгүй бол шилжүүлэн тооцохгүй. Багц цагийн дутууг харгалзах цагийн хэмжээгээр нэмж судлах нөхүүлж дүйцүүлэхгүй.
4.3 Суралцагчдын судалсан хэд хэдэн хичээлийн багц цаг болон агуулга, суралцахуйн үр дүн нь нийлээд ЭК-ийн харгалзах хичээлийн багц цаг, агуулга, суралцахуйн үр дүнгийн нэгж хөтөлбөрийн шаардлагыг хангаж байвал тухайн хичээлүүдийг нэгтсэн агуулгаар дүйцүүлж болно.
4.4 Суралцагчдын судалсан 1 хичээл нь ЭК-ийн хэд хэдэн хичээлийн агуулга, суралцахуйн үр дүн, багц цагийн шаардлагыг хангасан бол тэдгээр хичээлүүдийг агуулгаар нь тус тусад нь дүйцүүлж болно.
4.5 Журмын 4.3, 4.4- д заасны дагуу 1 хичээлээр бусад хэд хэдэн хичээлээр дүйцүүлж байгаа тохиолдолд ЭК-ийн хичээлийн үнэлгээ нь дүйцүүлэх хичээлийн үнэлгээтэй адилхан байна.
4.6 Бусад их, дээд сургууль, коллежид судалсан хичээлийг ЭК-д дүйцүүлэн тооцох тохиолдолд үсгэн үнэлгээг /CR/ тэмдэгтээр орлуулна.
Тав. Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа
5.1 ЭК-ийн хичээл, багц цаг дүйцүүлэх үйл ажиллагааг “Багц цаг дүйцүүлэх комисс” хариуцан ажиллана.
5.2 ЭК-ийн хичээл багц цагийн дүйцүүлэх үйл ажиллагааг “Багц цаг дүйцүүлэх комиссын” ажиллах журмаар зохицуулна.
5.3 ЭК-ийн хичээлийн багц цаг дүйцүүлэн суралцах хүсэлтийг тусгай өргөдлийн маягтаар хүлээн авна.
5.4 ЭК-ийн багц цаг дүйцүүлэх комисс нь тусгай хүснэгтэнд дүйцүүлэлтийг хийж, сургуулийн тамга, комиссын гишүүдийн гарын үсгээр баталгаажуулна.
Зургаа. Бусад
6.1 Хичээл дүйцүүлэх үйл ажиллагааг элссэн, шилжин ирсэн, эргэн суралцсан зэрэг дүйцүүлэлтийг тухайн улиралд суралцагчийн хүсэлтээр нэг удаа хийнэ.
6.2 Хичээл дүйцүүлэлтийг аргачлалын дагуу зөв хийгээгүй бол дүйцүүлэлтийг хүчингүйд тооцож дахин хийнэ.
6.3 Энэхүү журмаар зохицуулагдаагүй зүйл гарвал ЭК-ийн захиргааны зөвлөл хэлэлцэн шийднэ.